
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж, 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэн дүгнэж, 2026 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.
Тус хуралд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг эрүүл мэндийн салбарт хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн 2025 оны арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулсан бөгөөд уг төлөвлөгөөнд 4 зорилтын хүрээнд 29 арга хэмжээ төлөвлөж хэрэгжилтийг ханган ажиллав.

2025 онд Баян-Өндөр сумын 26 хамтарсан багт 28 өрхийн эмч хамтран ажиллаж, хүүхэд хамгааллын чиглэлээр 35 кейс тохиолдолд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Хүүхэд хамгаалал, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон боловсролын салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, чадавхжуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

Мөн “Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” аяны хүрээнд ЕБС-ын 120 сурагчдыг хамруулсан хэлэлцүүлэг, 25 үе тэнгийн зөвлөгч бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхэд, өсвөр үеийнхэн болон жирэмсэн эхчүүд, эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт, өдөрлөгүүдээр нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэнд, осол гэмтлээс сэргийлэх, “Амьдралын алтан 1000 хоног”-ийн талаарх эрүүл мэндийн боловсролыг олон нийтэд 8128 иргэнд олгосон байна.

