
ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ АЧ ХОЛБОГДОЛ
Эрдэнэт Сувиллын Цогцолборын Эмнэлзүйн хоолзүйч Б.Батцэцэгийн зөвлөгөө
- Ер нь өглөөний цай уух нь яагаад чухал болохыг тайлбарлаж өгөхгүй юу?
Өглөөний хоолонд ямар хүнс идэх вэ гэдэг нь эрүүл мэндэд хамгийн түрүүнд нөлөөлдөг. Хоол боловсруулах эрхтэн өдрийн турш хүний идсэн зүйлийг шөнө нь боловсруулж, шимж эд эрхтэндээ дамжуулах зуураа амарч байдаг. Шөнө амарсан эд эрхтэн бодисын солилцоог эрчимтэй явуулахын тулд шимт бодисуудыг өглөөд бидний бие нэхэж байдаг тиймээс заавал өглөө бүр тогтмол шимт тэжээллэг хоолыг сонгон хэрэглэж хэвших нь маш чухал. Гэвч манайхан өглөөний хооллолтондоо анхаардаггүй, орой хэт их иддэг учраас өглөө цатгалан сэрж цай уулгүй ажилдаа явах тохиолдол цөөнгүй байдаг нь харамсалтай. Ингэснээрээ хоол боловсруулах системийн үйл ажиллагааг алдагдуулж улмаар элдэв аюулт өвчнүүдийн суурь тавигдаж эхэлдэг.
2. Хамгийн сайн өглөөний цай гэвэл?
Өглөөдөө тараг сүү, шар тостой багсарсан арвайн гурил ,овъёос, гурвалжин будаа, хөц будаа, шар будааны агшаамал, хальстай үр тариа зэргийг сонгон түлхүү хэрэглэвэл маш сайн мөн жимсний төрөл орсон байвал хамгийн сайн өглөөний хооллолтонд тооцогддог.Эдгээр эслэгээр баялаг ашигтай нүүрсус агуулсан хүнсийг хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, цусан дахь холестеролын хэмжээг бууруулах , цөсний сувгийг цэвэрлэн бодисын солилцоог эрчимжүүлэх гээд биед сайн нөлөөлөл үзүүлдэг. Гэвч хүмүүс ихэнхдээ найруулдаг кофе, чихэр ихтэй байхуу цай, хоносон хоол, хиам зайдас, консервлосон бүтээгдэхүүн зэрэг хэт хүчиллэг шим тэжээл багатай хортой хүнсийг маш их хэрэглэж байна. Өглөөний цайг хангалттай сайн иднэ гэхээр биед ашиггүй хүнсийг цадатлаа иднэ гэсэн үг биш юм хэрэгцээт амин дэм, шим тэжээлийн бодисуудаар баялаг хүнсийг сонгож хэрэглэх тухай хэлээд байгаа юм.
3. Өглөөд ус уух нь маш сайн гэж ярьдаг энэ талаарх таны бодол?
Өглөө сэрээд цай уухаасаа өмнө 2-3 аяга бүлээн ус ууж хэвших нь зүйтэй. Бага багаар балгаж ууснаар хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжин, биед хуримтлагдсан хорт бодисыг биеэс гадагшлуулах сайн талтай.
Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.