УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсаар зочилж буй таны амар амгаланг эрин мэндчилж байна. Манай байгууллага нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чиглэлээр төр засгийн бодлого, зорилт, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, аймгийнхаа хүн амд эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай, аюулгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой төрийн байгууллага юм. Энэхүү зорилгоо бид эмнэлэг, мэргэжлийн төвүүд, салбар, аж ахуйн нэгж байгууллага, олон нийт иргэдийн оролцоотой хэрэгжүүлдэг бөгөөд хамтын ажиллагаагаа улам сайжруулан, эмнэлгийн ажилтны чадавхи, ёс зүйг бэхжүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлснээр орон нутгийнхаа хөгжил, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахыг зорьж байна.
Бид салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх үнэн зөв, шуурхай мэдээллийг энэхүү цахим хуудсаар дамжуулан танд хүргэдэг бөгөөд та бүхэн манай цахим хуудаснаас өөрсдийн хэрэгцээт мэдээллээ авахын зэрэгцээ бидний ажил, үйлчилгээний талаар санал, сэтгэгдэл, шүүмжлэл, зөвлөгөөг өгч бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Орхон аймаг Эрдэнэт хотын иргэд эрүүл энх байх болтугай.
ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Д.СҮХЭЭ